Thursday, February 9, 2017

Лекц 4

Сэдэв: Ойролцоо ба эсрэг утгатай үгс

Ойролцоо утгат үг
            Үгийн утгын хүрээнд эх, өгүүлбэр, үг бүтээвэр нь хэлний агуулгын бүх түвшний нэгжийг хамруулан өргөн хүрээнд судалдаг. Хэл шинжлэлд үгс нь хоорондоо ойролцоо утгатай бус харин нэрлүүлж байгаа зүйлс нь ойролцоо байдаг учраас ойролцоо утгат үгсийг үүсгэдэг гэж үздэг. Ойролцоо утгат үгс нь ойролцоо шинж чанар бүхий нэгэн зүйлийн өөр нэрлэлт болох зүйлчилсэн нэртэй төстэй боловч ойролцоо үгс нь нэг ойлголт, юмсыг өөрөөр нэрлэдэг, хам сэдэвтэй, бие биеэ орлох боломжтой, байдаг бол төрөл нэрийг хооронд нь орлуулан хэрэглэх боломжгүй байдаг. Дуудлага бичлэгээрээ өөр, утгаараа адилхан үгсийг ойролцоо утгат үгс гэнэ. Ойролцоо нэрийг дараах байдлаар ангилна.
1.       Үгийн сангийн ойролцоо нэр
2.      Үнэмлэхүй ойролцоо нэр
3.      Найруулгын ялгаатай ойролцоо нэр
4.      Хам сэдвийн ойролцоо нэр
Үгийн сангийн утгаараа хоорондоо нэн ойр, хам сэдэвт бие биеэ орлох боломжтой үгийг үгийн сангийн ойролцоо нэр / лексический синонимгэнэ. Үгийн сангийн ойролцоо нэр нь голдуу хоршин хэрэглэггдэг бөгөөд зарим тохиолдолд ойролцоо үг нь харь үг байх нь нилээн түгээмэл байдаг. Жишээ нь: явах-одох, үүд-хаалга, таних-мэдэх, машин-тэрэг, асуух-лавлах, хорвоо / төвд / -ертөнц, гэрэл- чийдэн / хятад /, ном- судар / самгардгэх мэт.
Харь үг, нутгийн аялгууны үг хэллэг нь уугуул үгстэй ойролцоо утгатай байвал түүнийг үнэмлэхүй ойролцоо нэр / абсолютный синоним / гэнэ. Жишээ нь: алим-яблок, басган-охин, машин-тэрэг, өгөрций-огурци, зайрмаг- морожно гэх мэт.
Найруулга хэрэглээний үүднээс нэг үгийг өөр өөрөөр нэрлэж байвал түүнийг найруулгын ойролцоо нэр / стилистический синоним/ гэнэ. Жишээ нь: толгой- хүндэтгэлийн найруулгаар тэргүүн, хар ярианы утгаар бөндгөр, гарыг мутар, үсийг даахь, сэвлэг, хэлэхийг- айлтгах, өгөх- өргөн барих, торь-хүлэг, гэр- өргөө гэх мэт.
Нэгэн эх, хам сэдэв, ярианд бие биеэ орлох боловч түүнийг тухайн холбоо үг, эхээс нь салган хэрэглэвэл ойролцоо утгаа алдана, Ийм үгсүүдийг хам сэдвийн ойролцоо нэр / контекстный синоним / гэнэ. Жишээ ньшатар тоглохшатар тавих, шатар нүүх гэж болох бөгөөд энэ холбоо үгсээс шатар гэсэн үгийг хасаж найруулбал тоглох, тавих, нүүх гэсэн үгс нь ойролцоо утгагүй болно
Ойролцоо утгатай үгсийг бүлэглэн нэгэн эгнээ болгохыг ойролцоо нэрийн эгнээ гэнэ. Ойролцоо нэрийн эгнээний хамгийн гол утгыг хадгалсан үгийг толгой үг гэнэ. Жишээ нь: бүх, бүгд, зон, цугаараа, олноороо, даяар, хотлоор, нийтээр, гэсэн ойролцоо нэрийн эгнээний бүх гэсэн үг нь толгой үг болж байна. Монгол хэлэнд дараах хэсгүүд нь ойролцоо нэр байж болно.
-       Ярианы хэлний үг бичгийн хэлний үгтэй ойролцоо байж болно. / ургамлын тос- 9-н тос , авгай- эхнэр, хүүхэд гаргах- хүүхэд төрүүлэх /
-       Хэлц үг жирийн үгтэй нийлж ойролцоо утга үүсгэж болно. / модоо барихядуурах, хөл нь хөнгөрөхбаярлах, усан нүдлэх- уйлах, амаа барих- харамсах /
-       Хэлц үг хэлц үгтэйгээ ойролцоо байж болно. / магнай тэнийх- хөл газар хүрэхгүй байх, амаа бариххэлээ хазах, гунан үхрийн эвэр хөлдмөөрчөмөг царцам , гуяа ганзаглах- модоо барих /
-       Холбоо үг дан үгтэй нийлж ойролцоо байж болно. / тусламж үзүүлэх  туслах, шалгалт авах- шалгах, асуулт асуух- асуух /
-       Цээрлэсэн үг жирийн үгтэй ойролцоо байж болно. / чоно- боохой, хээрийн нохой, их амт, тэнгэрийн нохой, саарал гэх мэт.
Ойролцоо утгат үгс нь найруулгын чухал хэрэглүүр бөгөөд яруу сайхан зөв сайн найруулга бүхий зохиол бүтээлд нь ойролцоо үгсийг зөв сонгон хэрэглэсэн байдаг. Тухайлбал : “ Соёлыг гайхавөгүүллэгт их зохиолч Д. Нацагдорж ойролцоо үгийг хэрхэн сонгож найруулсныг авч үзэв. “...... Арван гурван наснаас тавин зургаан насыг хүртэл Улаанбаатар ба Шарын голын хооронд Дагвын өвсийг зөөж, Балдангийн түлээг тээсээр өдий хүрсэн тул зам дахь уул давааг андахгүй, энхэл тунхлыг эндэхгүй, нүхнээс гарч хошгорох тарвагыг ч бараг таних бөгөөд нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэгэсэн өгүүлбэрт зөөх- тээх, андах- эндэх, бараг- төлөв, таних- мэдэх, энхэл- тунхал, уул- даваа гэх мэт ойролцоо утгатай үгсийг хэрэглэсэн байна.
-       Зам дахь уул давааг андахгүй / маш сайн мэдэх /
-       Энхэл тунхалыг ч мэдэхгүй / ер нь мэднэ /
-       Нүхнээс гарч хошгорох тарвагыг ч бараг таних / багцаалан мэдэх /
-       Нисэн өнгөрч одох шувууг ч төлөв мэднэ / бараг таньж магадгүй / гэж ойролцоо утгатай дөрвөн өгүүлбэрийн утгыг шатлан бууруулж, нүдэнд харагдаж, сэтгэлд буутал дүрсэлсэн нь ойролцоо утгатай үгийг зөв сонгож, чадамгай найруулсанд байна гэж  үзэж болно.
Эсрэг нэр
            Аливаа хэлэнд утгаараа харилцан эсрэгцсэн бүлэг үгс байдаг. Ийм үгсийг эсрэг нэр буюу эсрэг утгатай үгс / антоним / гэнэ. Үг бүхэнд эсрэг утга байх албагүй бөгөөд юмсын чанар, харьцаа, өнгө, хэлбэр дүр, хэмжээ заасан тэмдэг нэрийн бүлэгт элбэг тохиолдоно. Хэл шинжлэлд эсрэг үгийг гурван үндсэн бүлэгт хуваадаг.
1.      Дундаж нэгж бүхий эсрэг нэр / ирээдүй- одоо- өнгөрсөн, дүүрэн- дундуур-хоосон /
2.      Дундаж нэгж гишүүнгүй эсрэг нэр / босохсуух, гал- ус, авах- өгөх /
3.      Харилцан эргэх үзэгдэл, үйлийг заасан эсрэг нэр / үхэх- төрөх, уйлахинээх, жаргахзовох /
Мөн эсрэг нэрийг үгийн сангийн ба хэлэхүйн гэж ангилна. Үгийн сангийн эсрэг нэр гэдэг нь утгаараа харилцан эсрэг байгаа үгсийг хэлнэ./ халуунхүйтэн, том- жижиг, хар цагаан / . Хам сэдэвт харилцан эсрэгцэх утга илэрхийлэх үгийг хэлэхүйн эсрэг үг гэнэ. Тухайлбал:
-       Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол
-       Цадахад цагаан хурганы сүүл хатуу, өлсөхөд өлөн бугын эвэр зөөлөн
Эсрэг утгатай үгс нь дараах онцлоготой. Үүнд:
·         Илэрхийлж байгаа утгаараа үгийн сангийн эсрэг үгтэй төстэй, тэмдэг нэрийнтай, түйдагавар бүхий ухаантай- ухаангүй, номтой- номгүй гэх мэт үгийг эсрэг нэр гэж үзэж болохгүй.
·         Зарим эсрэг үгийн байрыг сольж хэлж болж байхад зарим үгсийн байрыг солин нэрлэж болдоггүй. Тухайлбал: том-жижиг, жижиг-том, жаргал-зовлон, зовлон- жаргал гэх мэтээр сэлгэж байхад урт богино-ыг богино урт, өндөр- намыг нам өндөр гэж хэлж болохгүй.Үүний учир нь ерөнхийгөөс тусгай, ихээс бага руу хандуулж сэтгэдэг монгол хүний сэтгэлгээний онцлог хэлэнд илэрч, хэвшин тогтсонтой холбоотой юм.
·         Эсрэг үгийн нэг элемент нь нэг язгууртай байж болно. Жишээ нь: дийлэх- дийлэгдэх, ялах- ялагдах гэх мэт.
·         Зарим судлаач тухайн улс үндэстэн, хэлний онцлогийг хадгалсан эсрэг үг байж болно гэж үздэг. Тухайлбал: хонь-чоно, тэнгэр-газар, нүгэл- буян, үүд- хоймор
·         Эсрэг утгатай үг зэрэгцэж, нийлмэл үг болбол эсрэг утгаа алдаж, утга санааг тодотгон, нэмэн дэлгэрүүлэх үүрэгтэй болдог. Тухайлбал:
Хөгшин залуугүй уугаад л
Хөдөө гадаагүй суугаад л
Зон олон маань нэг л
Зовсон шинжтэй байх юм..... / Р. Ч./
Эсрэг утгатай үг нь төрөл бүрийн найруулгад түгээмэл хэрэглэгдэхгүй боловч уран сайхны эхийн найруулгад дүр, бодол санааны зөрчил, эсрэгцлийг илэрхийлэхэд чухал үүрэгтэй байдаг. Ялангуяа зохиолын нэр, бүлэг сэдвийн зохиолын зөрчлийг илэрхийлэхэд: Цагаан сар ба хар нулимс, Чоно ба хурга, баян ба хоосон, улааныхан ба харынхан гэх мэт дан эсрэг үгээр нэрлэсэн байх нь түгээмэл юм. Жишээ нь: “........ Өвлийн хунгарласан цас хаврын хурц наранд хайлж, өсөх төлжих ногооны шимийг өгөх нь сайшаалтай боловч, тэрэгч Лувсангийн зуны халуунд хөлсөө урсгаж, өвлийн хүйтэнд хуруугаа хөлдөөж олсон муу гутлыг нь шавхайдан дүүргэх нь хайрлалтай...” гэхэд зун-өвөл, халуунхүйтэн гэсэн эсрэг үгийг оновчтой сонгож хаврын улирлын найртай салхийг тэрэгч Лувсангийн ядруу байдалтай эсрэгцүүлж, яруу сайхнаар дүрсэлжээ.
Ø  Хүн амьтны үйл ажиллагаа тогтоц байдлыг зааж үзүүлсэн эсрэг нэр: өсөх-өтлөх, төрөх-үхэх, жаргал-зовлон, унтах-сэрэх, хөгшин-залуу, нөхөр-дайсан, дайн-энх, баярлах- гомдох, ажиллах-амрах, инээх-уйлах, хөгжих-буурах
Ø  Байгалийн элдэв үзэгдэлтэй холбогдсон эсрэг нэр: халуун-хүйтэн, гандах-борооших, цэцэглэх-зулгарах, хатах-норох, өвөлжих-зунжих, гэрэлтэй- харанхуй, дулаан- сэрүүн, ургах-хагдрах
Ø  Цаг хугацаа заасан эсрэг нэр: хавар- намар, өвөл-зун, өглөө- үдэш, өдөр-шөнө, урьдхожид, үргэлжид- хааяа, эрт- орой
Ø  Орон байр, зүг чиг заасан эсрэг нэр: хойно-урд, баруун-зүүн, өрнө-дорно, хол- ойр, дээр-доор, тэгш- хазгай, дотор-гадар, нааш-цааш, урагш- хойш, өөд-уруу, гадна-дотно
Ø  Шинж чанар заасан эсрэг нэр: сайн-муу, сайнхан- муухай, хатуу-зөөлөн, хүнд-хөнгөн, тарган-туранхай.......
Ø  Эсрэг нэр нь голдуу үйл үг, жинхэнэ нэр, тэмдэг нэр, орон цагийн нэр, төлөөний үгээр илэрч болно. Жишээ нь:
Иртэй сүх олох амархан
Итгэлтэй сэтгэлийг олох хэцүү
Илтгэлт сэтгэлийг хулгайлж авахаас
Илүү хортой юу ч байхгүй / Ц.Д./
Тэмдэг нэрээр: баяртай- уйтгартай, урт- богино, өндөр-нам, том-жижиг, бүдүүн- нарийн, амттай-гашуун, хүчирхэг-буурай, хурдан-удаан,эрэлхэг-хулчгар, хар-цагаан, ....
Үйл үгээр: барих-тавих, орох-гарах, санах-мартах, өмсөх-тайлах, засах-эвдэх, ирэх-очих, тарах-цугларах, мандах-мөхөх, бөхийх- гэдийх, дээшлэх-доошлох..

Төлөөний үгээр: ийш-тийш, хүний-өөрийн, энд-тэнд, энэ-тэр...

No comments:

Post a Comment